Говь-Алтай аймагт “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмжтэй орчин” сэдвийн хүрээнд зохион байгууллаа
2024-04-24 Хэвлэх 132Монгол Улсын Үндсэн хуульд иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг тусгаж, түүнийг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө хүлээхээр заасан.Тэрхүү үүргийг хэрэгжүүлэхэд эрх нь түлхүү хөндөгддөг бүлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудалд анхаарах зайлшгүй шаардлага байдаг.
Иймд Комиссоос 21 аймагт зохион байгуулж буй “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг Говь-Алтай аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмжтэй орчин” сэдвийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд талуудын оролцоо, тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал солилцоход зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.
Уулзалтад ХЭҮК-ын референт Б.Золжаргал болон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтэн, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Татварын газрын холбогдох мэргэжилтнүүд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний холбооны төлөөлөл нийт 25 хүн оролцов.
Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил эрхээ эдлэхэд тулгамдаад байгаа барилга байгууламж, зам талбайн болон мэдээллийн хүртээмжгүй байдал, хандлагаас үүдэлтэй саад бэрхшээлүүдийг хөндөж, хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмжтэй орчныг бий болгоход анхаарах асуудал, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд талуудын оролцооны талаар саналаа солилцлоо.
Уулзалтад оролцогчдын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх хандлагыг өөрчлөх, хүртээмжтэй орчин бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, санаачилгуудыг дэвшүүлэн ярилцаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс гарсан саналуудыг хэрэгжүүлж ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа илэрхийллээ.