Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулж, танилцуулгатай холбогдуулан асуулт асуух УИХ-ын гишүүн байгаагүй тул эцсийн хэлэлцүүлгийг явуулж дуусчээ.
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд хүний эрх хамгаалагчдын асуудал эрхэлсэн нэг гишүүнийг Хүний эрхийн Үндэсний Комиссын бүрэлдэхүүнд шинээр нэмж оруулах юм байна.