Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Баянхонгор аймгийн төрийн алба хаагчдад сурталчлах үргэлжилж байна
2024-04-11 Хэвлэх 110Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлан таниулах ажлын хүрээнд ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд Баянхонгор аймгийн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагуудын удирдлага, төрийн захиргааны байгууллагын удирдлагуудад Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлан таниулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийн дээдлэх зарчмыг баримтлах, хүний эрх хамгаалагчдын эрхийг хүндэтгэх, хамгаалах чиглэлээр мэдээлэл өглөө.
Улмаар Комиссын гишүүн С.Дондов Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын саатуулах, эрүүлжүүлэх, баривчлах байрны нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбаяр аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, цаашид цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлийн сургалтыг үе шаттай зохион байгуулахад Комисстой хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм.
Ажлын хэсэгт Комиссын гишүүн С.Дондов, ЗУХ-ын дарга Д.Ёндонжамц, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн референт Д.Мөнхтуяа, мэргэжилтэн Б.Наранжаргал, ажилтан А.Балдангомбо, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Б.Мөнх-Эрдэнэ, референт С.Энхзаяа нар ажиллаж байна.