ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна
2024-04-11 Хэвлэх 120Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлан таниулах ажлын хүрээнд ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.
Комиссын ажлын хэсэг хүний эрх хамгаалагчийн механизмыг аймаг, орон нутгийн иргэдэд таниулах, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой сургалт, сурталчилгааг хийж, зарим байгууллагуудад хяналт шалгалт хийж гүйцэтгэх юм.
Энэ хүрээнд Баянхонгор аймгийн төрийн байгууллагуудын удирдлагуудтай санал солилцох үеэр Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалахад төрийн байгууллага, албан хаагчдын хуулиар хүлээсэн чиг үүрэг, ойлголтыг нэг мөр ойлгож, ажиллах нь чухал байгааг Комиссын гишүүн С.Дондов онцолж, улмаар Хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэлийг танилцууллаа.
Тус уулзалтаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хүний эрхийг хангаж, хамгаалах нь бүх нийтийн идэвх, оролцооноос хамаарна гэдгийг онцлоод Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж заавал биелэгдэх хуулийн зохицуулалттай болсныг тодотгосон юм.