Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт орсон хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь” судалгааны үр дүнг Дотоод хэргийн их сургуулийн багш, алба хаагч, сонсогч, суралцагчдад танилцууллаа
2024-04-12 Хэвлэх 114Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах зорилгоор “Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт орсон хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь” судалгааны ажлыг “Залуу судлаачдыг дэмжих сан” төрийн бус байгууллагатай хамтран гүйцэтгэж байна.
Судалгааг “Нийгмийн системийн инженерчлэлийн аргачлал бүхий нэгж ойлголт тодорхойлох”, “Холбоо үг тодорхойлох”, “Нэгж эрх бүрийн агуулгыг тодорхойлох” гэсэн 3 үе шаттай гүйцэтгэж, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, хууль зүйн чиглэлийн их, дээд сургуулийн судлаачдад танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг 2023 оны 08, 10, 11 дүгээр сард зохион байгуулсан юм.
Дээрх хэлэлцүүлгээс гарсан саналыг “Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт орсон хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь” судалгаанд тусгасан.
Судалгааны үр дүнг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны Дотоод хэргийн их сургуулийн багш, алба хаагч, сонсогч, суралцагчдад танилцуулж, хэлэлцүүллээ.
Судалгааны ажлын хүрээнд Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 зүйлд тусгасан эрх тус бүрийн тодорхойлох үйл явцыг гүйцэтгэсэн бөгөөд амьд явах, орчны бохирдлоос хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох эрх зэрэг 18 эрхийн тодорхойлолтыг тус хэлэлцүүлгээр танилцуулсан.
Энэхүү судалгааны дараагийн үе шатыг Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 14, 17, 19 дэх заалтуудыг тодорхойлох ажлаар үргэлжүүлэхээр төлөвлөж байна.