Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна
2024-04-12 Хэвлэх 155Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлан таниулах ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс, УИХ-ын Хууль зүйн байнгын хороотой хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов нар Өвөрхангай аймгийн төрийн захиргааны байгууллагын удирдлагуудтай Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгагдсан хүний эрхийн анхаарал татсан асуудал, тус аймаг дахь хүний эрхийн төлөв байдлын талаар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр санал солилцлоо.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн ач холбогдол, түүний үр нөлөөг онцолж, хүний эрхийг хүндэтгэж, хангаж, хамгаалах, хөхиүлэн дэмжих нь төр, тэр дундаа төрийн бүх шатны байгууллага, алба хаагчдын нэн тэргүүний үүрэг гэдгийг тодотголоо.
Комиссын гишүүн С.Дондов Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлан таниулах, хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалахад анхаарах, хууль хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллага, албан хаагчдын хуулиар хүлээсэн чиг үүрэг, ойлголтыг нэг мөр ойлгож ажиллах нь нэн чухал болохыг онцолсон юм.
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлан танилцуулах ажил Өвөрхангай аймгийн хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөлийн удирдлага, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийх уулзалтаар үргэлжилнэ.
Комиссын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг хууль сурталчлах ажлын хүрээнд тус аймгийн эрүүлжүүлэх, баривчлах байрны үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөлтэй танилцах бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тус аймагт ажиллахааар төлөвлөж байна.