ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн 2024 оны ээлжит хурлыг зохион байгууллаа
2024-04-15 Хэвлэх 49Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн 2024 оны ээлжит хурал өнөөдөр /2024.04.12/ боллоо.
Уг хурлаар Комиссын 2024 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон 2 дугаар улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өгч, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах, Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, мониторинг хийх чиглэлээр санал солилцлоо.
Хуралд ХЭҮК-ын гишүүн, ИНЗ-ийн дарга Х.Мөнхзул, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Олон талт хамтын ажиллагааны тасгийн дарга Ө.Ундрах, референт Г.Сурахбаяр болон Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд оролцов.
Хурлыг нээж, Комиссын гишүүн Х.Мөнхзул Комиссоос хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийлээд Комиссоос хоёрдугаар улиралд зохион байгуулахаар төлөвлөсөн ажлууд, ялангуяа 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд сонгох, сонгогдох эрхийн чиглэлээр ажиглалт, мониторинг хийхэд хамтран ажиллах, Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлогын төсөлд санал авах зэрэг асуудлыг хэлэлцэх талаар танилцууллаа.
Харин Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Олон талт хамтын ажиллагааны тасгийн дарга Ө.Ундрах нар Комиссын 2024 оны эхний улиралд гүйцэтгсэн томоохон ажлууд болон 2 дугаар улиралд хийхээр төлөвлөсөн ажлыг танилцуулав.
Хурлаар зөвлөлийн гишүүдийн зүгээс Иргэдийн сонгох сонгогдох эрх, хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн санал өгөх, хөдөлмөрлөх эрхийн асуудал, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийн зөрчил, орон нутгийн иргэдийн шилжилт хөдөлгөөн зэрэг асуудалд анхаарч ажиллахыг онцоллоо.
Түүнчлэн орчны аюулгүй байдал, гамшиг ослын үед ажиллах, хариу арга хэмжээ авах талаар иргэд болон төрийн тусгай албан хаагчдын мэдэх эрх зөрчигдөж байгаад анхаарал хандуулж, хамтран ажиллах талаар санал солилцов.
Хурлаар УИХ-ын ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, мониторинг хийх ажлын хуваарь, чиглэл гаргаж хамтран ажиллах, Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг түгээн дэлгэрүүлэх, мөн бусад цаг үеийн ажлуудад хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.
Ташрамд дурдахад, Иргэний нийгмийн зөвлөл нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу ХЭҮК-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй юм.
Иргэний нийгмийн зөвлөл нь хүний эрхийн асуудал эрхэлсэн ашгийн төлөө бус хуулийн этгээд, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн багш, судлаач, хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, эрэгтэйчуүдийн эрх, үндэсний цөөнхийн болон хэлний цөөнхийн эрх зэрэг хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий 18 гишүүнтэй.