ХЭҮК-ЫН ДЭРГЭДЭХ “ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ СЭТГҮҮЛЧИД” КЛУБ
“Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клуб нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан” сонин, News.mn, Gogo.mn, МҮОНТВ-ийн “ММ агентлаг”, МҮОНР, Тв9, UBS, MN-25 дугаар суваг телевизийн нийт 11 гишүүнтэйгээр 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан.
Тус клубын гишүүд нь Комиссоос зохион байгуулж буй хүний эрхийн тодорхой асуудлыг хөндсөн сургалтад хамрагдаж, сургалтаас олж авсан мэдлэг, мэдээллээр хүний эрхийн чиглэлээр нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж, эрх нь зөрчигдсөн иргэдэд туслах, асуудлыг олон нийт болон шийдвэр гаргагчдад хүргэх, цаг үеийн асуудлаар мэдээ, сурвалжлага бэлтгэх зэргээр хүний эрхийн боловсролыг түгээхэд тогтмол дэмжлэг үзүүлдэг сайн дурын нэгдэл юм.
“Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клуб нь өдгөө 60 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Клубын дүрэм
1. Нийтлэг үндэслэл
“Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клуб /цаашид клуб гэх/ нь сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, ашгийн төлөө бус олон нийтийн байгууллага болно.
2. Зорилго
Тус клуб нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, сахин хамгаалахад сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, сэтгүүлчдийг хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх, ХЭҮК-ын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах үндсэн зорилготой.
3. Байрлал
Клубын төв нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төв байранд байрлана.
4. Yүсгэн байгуулсан тухай
Клубыг 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Засгийн газрын 11 дүгээр байр, 514 тоот буюу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд үүсгэн байгуулснаар тооцно.
5. Бvтэц
Клуб нь гишүүдээс бүрдэнэ.
6. Гишүүнчлэл
· Клубт шинээр элсэх гишүүнийг редакцын санхүүжилт, бодлого болон тухайн сэтгүүлчийн ажилласан жил, нас, хүйсээр ялгаварлахгүй.
· Гишүүн нь хэрвээ өөр улсад оршин суух болон, ажлын байраа өөрчлөх тохиолдолд ХЭҮК-ын Хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэнд биечлэн болон цахим шуудан, утсаар мэдэгдэх үүрэг хүлээнэ.
7. Клубын үйл ажиллагаа
Клубын гишүүдийг хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх, мэдээллээр бүрэн хангаж, чадавхжуулах зорилгоор бүх гишүүдийн уулзалтыг улиралд нэг удаа /шаардлагатай тохиодолд жилд 5-аас дээш удаа/ зохион байгуулна. Мөн Комиссын үйл ажиллагаатай нарийвчлан танилцах боломжоор хангаж, Комиссоос зохион байгуулж буй зарим хяналт шалгалт, судалгаа, гомдол шийдвэрлэлтийн явц байдалтай биечлэн танилцаж, сурвалжлах нөхцөлийг бүрдүүлнэ.
8. Баримтлах зарчим
8.1 Хүний эрх, эрх чөлөөг нэн тэргүүнд тавьж, иргэдийн “мэдэх” эрх ашигт захирагдана;
8.2 Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаах, өөрийн болон бусдын эрх ашигт зохицуулан баримтыг санаатайгаар мушгин гуйвуулах, бусдын бүтээлийг хулгайлах, хуулбарлахыг цээрлэх зэрэг мэргэжлийн ноцтой алдаа гаргахгүй;
8.3 Харилцан бие биеэ хүндэтгэлтэй хандаж, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллана;
8.4 Хэн нэгнийг ялгаварлан гадуурхахгүй, ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулна;
8.5 Хувийн нууц, бусдын зовлон шаналлыг ойлгож хүнлэг, энэрэнгүй ёсыг ямагт сахина;
8.6 Мэргэжил нэгтнийнхээ эрх ашгийг хүндэтгэн үзэж, зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэнэ;
8.7 Буруу ташаа мэдээлэл гарсан бол засч залруулахын төлөө бололцоотой бүхнийг хийнэ;
8.8 Мэргэжлийн нэр төрөө эрхэмлэн, энэхүү ёс зүйн зарчмыг ямагт мөрдлөг болгохыг үүргээ гэж үзнэ.
9. Гишүүний эрх, үүрэг
9.1 Гишүүн нь ХЭҮК-оос зохион байгуулж буй уулзалт, танилцуулга, үндэсний болон олон улсын хурал зөвлөгөөн, сургалт зэрэг үйл ажиллагаанд ажлын хэсгийн зөвшөөрөл, чиглэлийн дагуу оролцох эрхтэй.
9.2 Гишүүн нь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой мэдээ мэдээллийг тэргүүн ээлжинд авах эрхтэй.
9.3 Гишүүн нь улирал тутмын уулзалтад таслахгүй ирэх үүрэгтэй. Хэрвээ хүндэтгэх шалтгаантай бол заавал урьдчилан мэдэгдэнэ.
9.4 Гишүүн нь өөрийн идэвх санаачлагын дагуу клубын бус гишүүдэд мэдээлэл хүргэх, хүлээж авах эрхтэй.