Дэлхийн 155 орныг хамарсан Эмнести Интернэшнлийн "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал" тайлан танилцуулах хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монгол дахь Элчин сайдын яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулийн эрдэмтэн багш, оюутнуудын төлөөлөл оролцож, саналаа хуваалцлаа.
“Дэлхийн хүний эрхийн төлөв байдал” тайланд хурдацтай даамжирч буй мөргөлдөөн, олон улсын эрх зүйн хямралын ноцтой үр дагаврыг дэлхий нийтээр амсаж байна гэдгийг тодотгоод “Өнөөгийн удирдагчид хүний эрхийн зарчмаас урваж байна” гэж дүгнэсэн байна.
Хэлэлцүүлэгт Комиссын дарга Д.Сүнжид “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Дэлхийн 177 улс орон Үндсэн хуульдаа эрүүл орчинд амьдрах эрхийг олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн хүрээнд тодорхойлж, хүрээлэн буй орчныг хамгаалах явдлыг төрийн үүрэг болгон хуульчилсан.
ХЭҮК иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтийн байдлын талаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 9 удаагийн илтгэлд тусгаж, төрөөс тодорхой шийдвэр гаргуулахаар 35 саналыг УИХ-д хүргүүлж ирсэн.
Тус илтгэлүүдийг УИХ хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17, 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-аас 2019 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой заалтуудын хэрэгжилт хангалтгүй буюу эрх зүйн шинэтгэл хийгдээгүй, ялангуяа Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдол, хот төлөвлөлттэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд тодорхой ахиц дэвшил гараагүй байна.
Иймд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлыг тусгайлан тусгаад байна.
Комисс сүүлийн 3 жилийн байдлаар иргэдээс эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой нийт 100 (2021 онд-50, 2022 онд-20, 2023 онд-30) гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэснээс уул уурхай, усан цахилгаан станцтай холбоотой-18, Улаанбаатар хотын агаарын бохирдол, сайжруулсан түлштэй холбоотой-12, СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой 14, орц гарц хаасан, зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулж байна, аюултай бодисыг үйлдвэрт зориулалтын бусаар хадгалж байна, стандартыг зөрчиж байна гэсэн гомдол, мэдээлэл 56 тус тус бүртгэгдсэн.
Эрүүл аюулгүй орчныг зохицуулсан олон тооны хууль тогтоомж, хэм хэмжээний актууд мөрдөгдөж хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгаа бүрдсээр байгаа хэдий ч хангалтгүй нэг шалтгаан нь хуулийн давхардал, хийдэл, байгаагийн зөрчил юм.
Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль тогтоомж, стандартын зайлшгүй хэрэгжих нөхцөл, тэдгээрийн уялдаа холбоог зайлшгүй сайжруулахаар холбогдох байгууллагууд анхаарч, хамтран ажиллах шаардлагатай.
Түүнчлэн дэлхийн улс орнууд хүрээлэн буй орчны асуудлаар тогтвортой бодлого хэрхэн хэрэгжүүлж байгааг тодорхойлох үүднээс Хүрээлэн буй орчны индексийг Америкийн нэгдсэн Улсын Йелийн их сургууль болон Колумбын Их сургуулиас Дэлхийн Эдийн засгийн Форумтай хамтран Хүрээлэн буй орчны индексийг хоёр жилд нэг удаа гаргадаг. Тус индекс нь орчны эрүүл ахуй болон экосистемийн амьдрах чадвар зэрэг 11 ангилал 40 шалгуур үзүүлэлтийг ашиглаж, 100 хүртэл оноо өгч эрэмбэлдэг бөгөөд хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн улс нь нийтийн эрүүл мэнд, байгалийн нөөц баялгийг хамгаалах, эдийн засгийн үйл ажиллагаанаас шалтгаалж буй хүлэмжийн хийг багасгахад урт хугацаанд анхаарч ажиллаж ахиц дэвшил гаргаж буйг илтгэдэг байна.
Монгол Улс 29.6 оноо авч дэлхийн 180 орноос 155 дугаар байрт, Ази номхон далайн 25 орноос 19 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Уг индексийн хувьд хамгийн бага оноо авсан улсууд нь тогтвортой байдлаас илүүтэй эдийн засгийн өсөлтийг чухалчилсан эсвэл иргэний эмх замбараагүй байдал болон бусад хямралтай тэмцэж буй орнууд байна” гэдгийг илтгэлдээ цохон тэмдэглэлээ.