УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцлээ
2024-04-26 Хэвлэх 200УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцлээ. Энэ удаагийн илтгэлийг ХЭҮК-оос 2023 онд хийсэн судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тус комисст ирсэн гомдол, мэдээлэл болон комиссын гишүүний санаачилгаар хийсэн хянан шалгалтын үр дүн, мөн төрийн, иргэний нийгмийн болон бусад байгууллагын албан ёсны тайлан, мэдээлэл зэрэг эх сурвалжид үндэслэн долоон бүлгийн хүрээнд боловсруулсан гэдгийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид дурдаад бүлэг тус бүрд тусгасан хүний эрхийн асуудлыг тоймлон танилцууллаа.
Дэлхийн 180 улсыг хамруулсан Хүрээлэн буй орчны индексийн 2022 оны үзүүлэлтээр Монгол Улс 155 дугаарт эрэмбэлэгдсэн, мөн агаарын чанар ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээ болон oндэсний стандартын хэвийн хэмжээнээс хэд дахин бохирдсон үзүүлэлттэй байна. Агаарын бохирдол бусад өвчинтэй хавсарч, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж нас баралт, хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлт 10 хүчин зүйлийн нэг болж, нийт хүн амд, ялангуяа 5 хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлж, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, суурь өвчтэй хүмүүст илүү эрсдэл бий болгож байна.
Нийт 6590 орчим стандарт үйлчилж байгаагаас 2023 оны байдлаар Улаанбаатар хотод 305 сургууль, 241 цэцэрлэг, нийт тоглоомын талбайн 803 буюу 82.2 хувь нь гадна орчны стандартын шаардлага хангаагүй. Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 сургуулийн ойролцоо буюу 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх, автогаз түгээх цэг байрлаж байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 28,000 өрх үерийн эрсдэлтэй бүсэд, хөгжлийн бэрхшээлтэй 35,150 гаруй иргэн, дэд бүтцийн хүртээмжгүй орчинд амьдарч байгаа нь стандартад хяналт тавих, зөрчлийг таслан зогсоох, стандартыг мөрдүүлэх шаардлага бидний өмнө тулгамдаж байгаа асуудлыг Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал сэдвийн хүрээнд илтгэлд тусгасан гэлээ.
Үргэлжлүүлэн Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал бүлгийг танилцууллаа. Монгол Улс 2023 оны байдлаар хүний хөгжлийн индексээр дэлхийн 189 орноос 96, боловсролын индексээр 189 улсаас 103 дугаарт тус тус эрэмбэлэгдэж байна.
Боловсролын салбарын бодлого, эрх зүйн зохицуулалтад тасралтгүй шинэчлэл хийгдэж байгаа ч хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, хот суурин газрын хүн амын хэт нягтрал, суурьшлын тархалтаас шалтгаалан боловсролын үйлчилгээг эрх тэгш, чанартай хүргэж чадахгүй байна.
Мөн багш, ажилтнууд илүү цагаар ажиллах, албан тушаалын тодорхойлолтод тусгагдаагүй ажил, үүрэг гүйцэтгэдэг зэрэг хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт хангалтгүй, ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломж бага, нийгмийн баталгаагаар бүрэн хангагдаж чадахгүй байна гэв.
Улмаар Хүүхдийн эрхийн зарим асуудал сэдвийн танилцуулгад эмзэг, эрсдэлтэй бүлэгт хамаарах хагас болон бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал орхигдож байгаа нь төрийн болон төрийн бус байгууллагуудын тайлан мэдээ, судалгаа, Комисст ирж буй гомдол, мэдээлэл, эдгээрийн мөрөөр хийсэн хяналт шалгалтын үр дүн илтгэж байгааг цохон тэмдэглэсэн. Тодруулбал, Монгол Улсад 2022 оны байдлаар хагас өнчин 36.3 мянга, бүтэн өнчин 2900 гаруй, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12.8 мянга гаруй хүүхэд байна. Бүтэн өнчин хүүхдийн тоо сүүлийн 5 жилийн хугацаанд буурсан, харин хагас өнчин хүүхдийн тоо болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тоо өссөн байна.
Монгол Улсад асрамж халамжийн төвд амьдарч байгаа бүтэн өнчин хүүхэд төрийн хараа хяналтад байгаагаас бусад ах, дүү хамаатан садан, өвөө, эмээгийндээ амьдарч буй хүүхдүүд эсэн мэнд аж төрж байгаа эсэх, тэтгэвэр, тэтгэмжээ бүрэн авч байгаа эсэх, тэдгээр хүүхдүүдэд зарцуулж байгаа эсэх, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульдаа хамрагдаж байгаа эсэхэд хяналт тавих механизм хангалтгүй байна.
Хагас болон бүтэн өнчин хүүдийн асран хамгаалагчийн цаана нь хүүхдийн мөнгийг нь авах, эсхүл гэртээ хөдөлмөр эрхлүүлэхийн тулд сургууль цэцэрлэгт явуулахгүй, эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэггүй, зарим тохиолдолд хүүхдийг зодож, хүчирхийлдэг, малчин айлд байгаа тэдгээр хүүхдэд ямар ч хараа хяналт байхгүй байна гэлээ.
Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал бүлгийн танилцуулгадаа гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж, цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн эхний 4-т гэр бүл, ахуй хүрээний дуудлага мэдээлэл эзэлж байгааг тодотголоо. Тухайлбал, 2021-2023 онд 51,1 мянган гэрлэлт бүртгэгдсэн бол 12,7 мянган гэрлэлт цуцлалт бүртгэгджээ. Гэр бүл цуцлалтын 76 хувь нь таарамжгүй харилцаанаас үүдэлтэй гэх бөгөөд хосуудад чиглэсэн зөвлөгөө мэдээлэл, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ хангалтгүй, ялангуяа сэтгэл зүйчийн дутагдалтай, үйлчилгээний хөлс хэт өндөр байна.
Нөгөө талаар гэр бүлийн харилцаанд нийгмийн тогтвортой биш байдал, цалин орлогын хомсдол, ажилгүйдэл, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалсан олон асуудлууд хэвээр ч энэ талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгүй байгааг онцоллоо.
Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт бүлгийн хүрээнд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд 3 жил орчим болж байна. Хууль хэрэгжсэнээр хүний эрх хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангахад төрийн үүрэг, оролцоог сайжруулах суурь алхмууд хийгдэж байгаа ч зарим талаар хүний эрх хамгаалагчийн эрх, эрх чөлөө зөрчигдөх явдал гарсаар байна.
Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны чухал оролцогчийн хувьд шүүх болон хууль сахиулах байгууллагууд нь шийдвэр, үйл ажиллагаандаа хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын гэрээ, конвенцыг удиртгал болгох нь энэ чиглэлд ахиц дэвшил гаргахад ач холбогдолтой юм. Түүнчлэн хууль сахиулагчид үзэл бодлоо илэрхийлсэн, тайван жагсаал, цуглаанд оролцогчид шаардлага тавихад эс биелүүлсэн, биелүүлэхээс татгалзаж уг шаардлагынх нь төлөө хууль сахиулагчийг эсэргүүцэж байгаа нь хууль сахиулагч цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаа хүний эрхийг үл хүндэтгэсэн, төрийн зүгээс иргэдэд үзүүлж буй дарамт буюу албадлагын шинжтэй байгааг дурдав.
Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн хэрэгжилтийн талаарх танилцуулгад сүүлийн хоёр жилийн дунджаар 2600 гаруй хүн хорих ялаар шийтгүүлж, 1600 орчим хүн хуульд заасан үндэслэл, журмын дагуу суллагдаж байгаа бол нийт хоригдлын 55 орчим хувь нь 6 жилээс дээш хугацаагаар хорих ял эдэлж байна.
Гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогын хувьд аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцох, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хорих ялын хугацааг уртасгах байдлаар хариу арга хэмжээ авч байгаа нь хоригдлын тоо буурахгүй байхад нөлөөлж байгааг анхаарах шаардлагатай гэлээ.
Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн 38.6 хувь нь суллагдсанаас хойш хоёр жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлжээ. Дахин гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байгаа хоригдлуудад болон хорих ял эдлээд суллагдсан хүмүүст тулгарч байгаа нийтлэг асуудлыг багцлан үзвэл суллагдсаны дараа нийгмийн харилцаанд бие даан оролцоход хүндрэлтэй байдаг, хуулиар тодорхойлсон нийгмийн халамж авахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх боломж хомс, нийгмийн ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн харилцаа хөндийрсөн, өөрийн гэсэн оройн байр байхгүй зэрэг асуудлыг нэн тэргүүнд дурдсан байна. Тиймээс хорих ял эдлээд суллагдсан хүнд тодорхой хугацаанд (2 жил) нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг харуулж байна гэв.
Үргэлжлүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдвэрлэх асуудал бүлгийг товч танилцууллаа.
Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хуулиар баталгаажуулж, намууд хөгжлийн бэрхшээлтэй улс төрчийг бэлтгэх үүрэг хүлээж, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн намд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг бий болгох зэрэг эрх зүй, институтийн арга хэмжээ авсан. Эдгээр арга хэмжээ нь боловсрол эзэмшсэн, санхүүгийн хувьд харьцангуй хараат бус цөөн тооны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг улс төрд оролцоход дэмжлэг болж болох боловч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог өргөн хүрээнд нэмэгдүүлэхэд өгөөж багатай.
Комиссоос хийсэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоо, сонгох, сонгогдох эрхийн төлөв байдал”-ын талаарх судалгаагаар сонгох эрхийн хэрэгжилт харьцангуй боломжийн, гэхдээ дэд бүтцийн болон мэдээллийн хүртээмжгүй байдал бэрхшээлтэй байдаг гэсэн бол сонгогдох эрх хангагдахгүй байгаа талаар дүгнэлт гарсан. Тэдний хувьд санхүүгийн асуудал хүндрэлтэй байдаг бөгөөд энэ хүрээнд бодлогын дэмжлэг шаардлагатай байгааг онцолсон.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 орчим хувь нь бие даан амьдрах хэвшилгүй, өөрийгөө хөгжүүлэх боломж хязгаарлагдмал, санхүүгийн гачигдалтай амьдардаг бөгөөд орчны хүртээмжгүй байдлаас нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож чадахгүй байгаа тул хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлаас гаргах, боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлж, хувь хүнийг хөгжүүлэхгүйгээр тэдний улс төрийн оролцоо өргөн хүрээнд, бодитой нэмэгдэхгүй гэж дүгнэсэн тухайг танилцуулсны дараа